|
|
|
"Хамгийн том эрсдэл бол огтхон ч эрсдэл хүлээн авахгүй байх явдал юм." - Марк Зукерберг |
|
СИСТЕМИЙН НӨЛӨӨ БҮХИЙ 5 БАНКНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ГОЛЛОХ ХАРЬЦАА ҮЗҮҮЛЭЛТҮҮД |
|
Монгол улсын банкны салбарын хамгийн том 5 банк 2023 онд бүгд нээлттэй компани болсон билээ. Санхүүгийн салбарын хамгийн том банкнууд нээлттэй болсон боловч Хаан банк ХК (KHAN) хувьцааны ханш өсөлттэй байгаа бол бусад 4 банкны хувьцааны ханш уналттай арилжаалагдаж байна.
Дараах зурагт банкны хувьцааг үнэлэхэд шаардагдах голлох харьцаа үзүүлэлтүүдийг үзүүллээ. Голомт Банк ХК (GLMT) P/B харьцаа 0.80, Төрийн Банк ХК (SBM) P/B харьцаа 0.70 буюу тус тус 1-ээс бага байна. Энэ нь тус хоёр банкны зах зээлийн үнэлгээ нь өөрийн хөрөнгөөсөө багаар үнэлэгдэж байгаа буюу хямд үнэлэгдэж байгааг илэрхийлж байна.
Хөрөнгө оруулагч нь хувьцааны ханшийн зөрүү болон ногдол ашгийн өгөөжөөр дамжуулан хөрөнгө оруулалтын өгөөж хүртдэг. Тэгвэл Хаан банк ХК (KHAN) ногдол ашгийн өгөөж 10.53% буюу хамгийн өндөр байх хүлээлттэй байна.
Жич: 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийг шинжээч таамаглаж дараах харьцаа үзүүлэлтүүдийг тооцоолсон болно. 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас тараах ногдол ашгийн таамаглалыг шинжээч нийт цэвэр ашгийн 40%-ийг ногдол ашгаар тараана гэж тооцоолсон болно. |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 38,950.91 нэгжид хүрч 1.37%-ийн өсөлттэй хаагдлаа. ТОП-20 индекс 2023 оны 12-р сарын байдлаар оны эхэн үеэс хойш бага хэмжээгээр өссөн буюу 3.69%-иар өссөн үзүүлэлттэй байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2023 оны 12 сарын 13, 14-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Монголбанк нь цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин болон инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг авч хэрэгжүүлэх болохыг онцоллоо.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд болох S&P 500, DJIA болон технологийн компаниудын жин их дарсан NASDAQ Composite индекс нар үргэлжилсэн өсөлтөө өнгөрөгч 7 хоногт үзүүллээ. S&P 500 индексийн хувьд 7-н 7 хоног дараалж өссөн үзүүлэлттэй болсон ба энэ нь 2017 оноос хойших анхны тохиолдол болж байна. S&P 500 индекс болон NASDAQ Composite индекс нар сүүлийн 1 жилийн дээд түвшнийгээ шинэчлээд байгаа бол DJIA индекс бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчилж тогтоогоод байна. Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчдын 2023 оны 4-р улирлын эдийн засаг, Мөнгөний бодлогын төсөөлөл Лхагва гарагт нийтлэгдлээ. Бодлого боловсруулагчид 2024 онд бодлогын хүүг 0.50%-иар бууруулах төсөөлөлтэй байгаагаа 3-р улиралд мэдээлж байсан бол 4-р улирлын төсөөллөөр 0.75%-иар бууруулах хүлээлттэй байна хэмээн тайландаа тусгажээ. Хүүгийн түвшин эрчимтэй буурах төсөөлөл мэдээлэгдсэн нь өнгөрөгч 7 хоногт хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүллээ.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ Санхүүгийн зах зээлийн томоохон төв банкнууд бодлогын хүүгээ 2024 онд бууруулах хүлээлт нэмэгдсэний улмаас Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 0.29%, STOXX Europe 600 индекс 0.92%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Европын төв банк хүүгийн түвшнээ бүх цаг үеийн дээд түвшин болох 4.0%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Европын төв банк нь 2023 оны эдийн засгийн өсөлтөө 0.6%, 2024 оны эдийн засгийн өсөлтөө 0.8% гэж таамаглаж байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 2.05%, TOPIX индекс 0.34%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ тогтвортой байлгаж, 2024 онд бодлогын хүүг бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн нь Япон улсын зах зээл өсөлттэй байхад голлон нөлөөллөө. Япон улсын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх PMI үзүүлэлт 12-р сард өсөлттэй гарлаа. Энэ нь компаниудыг цалингаа нэмэхэд дэмжлэг үзүүлж улмаар цалингийн үнээр дамжиж инфляцын түвшин нэмэгдэх боломжтой байна. Эдийн засгийн өсөлт үзүүлэхгүй байгаа тус улсын хувьд цалингийн үнээр дамжсан инфляц үүсэх нь тус улсын төв банкны Мөнгөний хэт зөөлөн бодлогыг өөрчлөх үндэс болох юм. Япон улсын төв банкны дараагийн Мөнгөний бодлогын хурал 12 сарын 18-19-ний өдрүүдэд болно.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ БНХАУ-д үүсээд буй дефляцийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа билээ. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.91%, CSI 300 индекс 1.70%-ийн тус тус 7 хоногт бууралттай хаагдлаа. БНХАУ-ын 11-р сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 6.6%, жижиглэнгийн борлуулалт 10.1%-иар тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Мөн эдийн засгийн мэдээллээс дурдвал тус улсын 11-р сарын ажилгүйдлийн түвшин 5.0%-д хэвээр хадгалагдсан үзүүлэлттэй гарлаа. |
Дэлгэрэнгүй |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ "Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 7 удаагийн нүүрсний, 5 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 466,809,496,274.86 төгрөгийн арилжаа хийсэн байна.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ АНУ-ын төв банкны бодлого боловсруулагчид 2024 онд бодлогын хүүг 0.50%-иар бууруулах төсөөлөлтэй байгаагаа 3-р улиралд мэдээлж байсан бол 4-р улирлын төсөөллөөр 0.75%-иар бууруулах хүлээлттэй байна хэмээн тайландаа тусгажээ. Хүүгийн түвшин эрчимтэй буурах төсөөлөл мэдээлэгдсэн нь АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж буурч 3.91%-д хүрч буурахад шууд нөлөөллөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй |
|
|
|
БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ |
Бондын хөрөнгө оруулалт нь тогтмол өгөөжийг хөрөнгө оруулагчдад санал болгодог нэгэн төрлийн хадгаламж юм. Нөгөөтээгүүр хувьцаатай харьцуулахад хөрөнгө оруулагчдад эзэмшсэн хугацааны өгөөжийг олгодгоороо давуу талтай.
Иймд бид танд бодлогын хүүгээс өндөр хүүтэй, зээлжих зэрэглэлээр бидний шалгуурыг хангасан "Ти Ди Би Лизинг" ХХК-ийн бондын хөрөнгө оруулалтыг санал болгож байна.
"Ти Ди Би Лизинг" ХХК нь олон улсын стандартад нийцсэн санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Япон улсын "Mizuho Marubeni Leasing Corporation" болон "Худалдаа Хөгжлийн Банкны" хөрөнгө оруулалттай компани юм. |
|
Захиалга өгөх |
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛНА 2023.12.15
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулна.
Өдөрлөг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн байранд болох ба хөрөнгө оруулагчид, иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй |
"НОГООН БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ 2023.12.15
“ХААН Банк” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан "Ногоон бонд" өрийн хэрэгслийн эхний хөтөлбөрийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/4698 тоот албан бичгийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тус компанийн өрийн хэрэгслийн эхний хөтөлбөрийн хоёрдогч зах зээлийн арилжааг "KBMG-BD-14/12/26-C0057-16" үсгэн кодтойгоор эхлүүллээ. Дэлгэрэнгүй |
|
ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ |
|
|
|
FITCH RATINGS: БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ 2024 ОНД "ТОГТВОРТОЙ" БАЙХ ТӨЛӨВТЭЙ 2023.12.14
Үнэлгээний "Fitch Ratings" агентлаг БНХАУ-ын эдийн засгийн төлөвийг “Neutral” буюу “Тогтвортой” гэж дүгнэлээ. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл зэрэг эрсдэлийг анхааруулж, өсөлт удааширна гэж үзсэн байна. Тус агентлаг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.3 хувь байсан бол 2024 онд буурч, 4.6 хувьд хүрэхээр байгааг тайландаа онцолжээ. Дэлгэрэнгүй
BI: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ 2024 ОНД 2.7 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ 2023.12.11
Дэлхийн эдийн засаг 2024 онд 2.7 хувиар өсөх төлөвтэй байгааг “Bloomberg Intelligence” тооцоолсон байна. Энэ нь 2023 оны 3.1 хувийн өсөлтөөс буурсан үзүүлэлт болж байгаа бөгөөд 2009 оны дэлхийн санхүүгийн хямрал болон 2020 цар тахлын үеийг хасаж тооцвол 2001 оны "дотком"-ын хөөсрөлтөөс хойших эдийн засгийн өсөлтийн хамгийн удаан түвшин боллоо. Тодруулбал: 2024 онд хөгжингүй орнуудын эдийн засаг 0.9 хувийн өсөлттэй байх бол хөгжиж буй орнууд 4.1 хувийн өсөлттэй байхаар байна. Үүнээс гадна дэлхийн инфляц 2024 оны эцэст 5.4 хувь хүрэхээр байгаа аж. Дэлгэрэнгүй |
|
Товхимлыг бэлтгэсэн: С. Зоригт | Дилер |
|
|